Хуавэйн шинэ гар утас Google-ийн үйлчилгээнүүдгүйгээр зах зээлд гарлаа

Хятадын Хуавэй компани өчигдөр шинэ Mate 30 загварын гар утасаа Германы Мюнхенд болсон арга хэмжээний үеэр танилцуулжээ.

Дугуй хүрээн дотор камернууд нь байрласан, хиймэл арьсан гадартай хувилбар бүхий Mate 30 нь тус компанийн тансаг ангиллын гар утас бөгөөд Apple-ийн iPhone, Google-ийн Pixel загваруудтай өрсөлдөх зорилготой юм.

Гэтэл энэхүү шинэ бүтээгдэхүүнд Google-ийн үйлчилгээнүүд багтаагүй нь гол асуудал болж байна.

Mate 30 гар утас нээлттэй эхийн Андроид системтэй худалдаанд гарч байна. Өөрөөр хэлбэл Google-ийн лицензтэй Андроид систем биш юм.

Энэ тохиолдолд Mate 30-ын хэрэглэгчид Google Search, Gmail, Google Play Store зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэх боломжгүй.

Оронд нь Хуавэй компани өөрийн Huawei Mobile Services хэмээх аппликэйшны багцыг суулгажээ. Мөн Хуавэйн өөрийнх нь AppGallery аппликэйшны дэлгүүртэй.

Нээлтийн үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Ричард Юү өөрийнх нь экосистемд зориулж аппликэйшн бүтээхийг програм хөгжүүлэгчдэд хандаж уриалжээ.

Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын засгийн газар Хуавэй компанийг хар жагсаалтад оруулж, Америкийн компаниудын технологийг ашиглахыг нь хориглож байв.

Тэгвэл уг хоригийн анхны том хохирогч нь Mate 30 болж байна.

Шинэ Mate 30 нь 799 евро, Mate 30 Pro нь 1,099 еврогийн үнээр Европын зах зээлд худалдаалагдаж эхлэх гэнэ.

Хуавэй нь Самсунгийн дараа дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утасны үйлдвэрлэгч бөгөөд энэ онд багтан нэгдүгээр байрыг эзлэх төлөвлөгөөтэй байв. Гэвч Андроид системгүйгээр тус компани энэ зорилгоо биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй юм.