Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна

Энэ долоо хоногийн эхээр зарим хэвлэлд Самсунгийн Galaxy S10 загвартай холбоотой алдааны талаар мэдээлсэн юм.

Энэхүү гар утасны нүүрэнд наасан зарим төрлийн хамгаалалтын хальс дэлгэцэн дор байрлах хурууны хээ уншигчийн ажиллагааг доголдуулж байгааг мэргэжилтнүүд илрүүлсэн юм.

Ийм хальстай үед хурууны хээгээ бүртгүүлсэн бол дараа нь хэний ч хурууны хээгээр уг гар утас нээгдэж байжээ.

Алдааг мэдээлсний дараа Самсунг компани зөвхөн тус компаниас гаргасан албан ёсны дэлгэцийн хамгаалалтыг хэрэглэхийг зөвлөсөн юм.

Харин өчигдөр тус компани дахин мэдэгдэл гаргахдаа алдааг хүлээн зөвшөөрч, удахгүй гаргах програмын шинэ хувилбараар засварлахаа амлажээ.

Тиймээс Galaxy S10-ын хэрэглэгчид мэдээллийн аюулгүй байдалдаа санаа зовж байгаа бол Самсунг алдаагаа засах хүртэл дэлгэцэндээ хамгаалалтын хальс наах хэрэггүй болж байна.

Эх сурвалж: The Verge